Sunday, May 6, 2018

Бий биелгээ

“Биелгээ” нь олон ястны түүх,уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжлагддаг ба үндэстэн, ястнуудын амьдрал,өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм. Биелгээг гэрт, тойрон суусан хүмүүсийн дунд, зай багатай газар бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг биелээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар биелж харуулдаг. Икэлийн татлага, биелгээний нэгдмэл хэлбэр нь гэрийн театрчилсан тоглолт бөгөөд Монголчуудын соёл урлагийн гайхамшигт өв юм. Ойрад монголчуудын бүтээсэн ардын урлагийн хосгүй бахархал болсон икэл, биелгээгүйгээр баяр цэнгэл, найр наадмын алиныг ч төсөөлөхөд бэрх юм.
Бий биелгээ бол зан үйлийн утга агуулгатай, аж байдлынх, аягатай гэх мэт маш олон төрөлтэй. Цацал, мөргөл зэрэг нь зан үйлийн бий биелгээд хамаардаг. Ихэнх угсаатны бүлгүүд “цацал” бий биелдэг. Энэ нь одоо ч бид цайныхаа дээжийг тэнгэртээ өргөдөг үйлдлийг илэрхийлсэн биелгээ юм. Бурхны шашинтай холбоотой “өргөл” гэдэг бий биелгээ байна. Буддын шашныг сүслэн мөргөдөг зан үйлийг илэрхийлдэг. Баядууд нар зөв тойроод хормойгоо дэлгэн тавьж байгаад дөрвөн зүг рүү биелдэг. Мөн өдөр тутмын ажил амьдралыг илэрхийлсэн аж байдлын бий биелгээ гэж нэрлэж болохоор бий байдаг.




Икэлийн аялгуунд биелгээг нэг нь эхэлж нөгөөдөө дамжуулан 8 настай балчираас 80 настай өтгөс хүртэл хотол даяар бүжиглэж, биеийн хөдөлгөөний уран налархай чанар, ая дууны гайхамшигаараа үзэгчдийг уяруулдагт биелгээний онцлог оршдог. Монгол ардын биелгээний хөдөлгөөн нь голчлон гэрийн бага зайд захирагдан, хагас суулт буюу тахимцах суулт дээр хийгдэх бөгөөд, энэ нь гарын атгалт, тавилт, цацалт, цээж, мөрний огцом цохилт, чичиргээ, хөлийн солбилт, алхаа гишгээ, биеийн гунхалзах хөдөлгөөн голлох бүжиглэлт болно. Баруун монголын урианхайторгууддөрвөдбаядзахчинхотонмянгадын бий биелгээ нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг.
Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж цацалыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх, тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг. Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээнээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, солбилт зэрэг нийтлэг төрх давамгайлдаг.

Бий биелгээний төрөл, бүжгийн өв

Ойрадын олон овог, ястны биелгээний төрх намбыг ялгахад хөгжмийн уламжлалт зэмсгийн ая онцгой үүрэгтэй байдаг. Тухайлбал урианхай, торгуудын бий биелгээг товшуурын эгшгэнд голлон биелдэг байхад дөрвөд, баяд, захчин, хотон ястны бий бийлэг нь икэлийн татлагад илүү тодордог. Ойрад монголчууд дөрвөд, урианхай, баяд, торгууд, захчин, хотон үндэстэн ястнууд бусад үндэстний бүжгийн урлагаас ялгарах намба төрхтэй бийгийн урлагийг хөгжүүлж ирсэн. Дээд зэрэглэлийн үндсэн бий гэж 12 бий байдаг. Үүнд их агсал, цацал бий, мөргүүл, элхэндэг, жороо морины явдал, дөрвөн ойрадын, ховог, эрээн хавирга, жалам хар, экилийн аяс, жудар гэсэн 12 төрөл байдаг. Энэ бүх өөр хоорондоо ялгаатай бүжгийн жинхэнэ намбыг тогтоож, уг төрхөөр нь насан балчраас өтлөх нас хүртлээ биелсэн алдар цуутай бий биелээчид хэдэн арав байдаг. Одоо ч тэдний үр хүүхдүүд гэр бүлийнхээ уламжлал, ястныхаа онцлогийг харуулж биелсээр байна. Хөдөлгөөн, утга агуулгын хувьд ч зөвхөн тухайн ястанд байдаг өөр ястанд байдаггүй өвөрмөц бий биелгээний төрөл бий. Жишээлбэл, "агсал" бий байна. Энэ бол өөр ямар ч ястанд байдаггүй. Мөн Хотон ястанд сэргэлэн цовоо дүр төрхийг илэрхийлсэн “Сээтэн залуу”гэж бий байна. Нэг бүсгүйд хайртай болчихоод түүнийгээ илэрхийлж чадахгүй явсаар олон хүн цугласан найранд хайрт бүсгүйдээ хайраа илэрхийлж, сээтэн хаяж байгаа залуугийн дүр төрхийг илэрхийлсэн бий биелгээ юм. Бийг икэл хөгжмийн татлага ая удирдан хөтөлнө. Бийгийн елхэндэг, жороо морины явдал цацал, мөргүүл, дөрвөн ойрадын уриа, их татлага, жуурай гэлдэн гэх мэт 10 шахам икэлийн татлаганд ганцаарчилсан ба нийтээрээ биелэх хэлбэрүүд бий.
Эрт үеэс бий биелгээг гэрийн сургалтаар өвлүүлж ирсэн. Өвөө, эмээ болон аав, ээж, ах, эгчээсээ өвлөж сурдаг. Гэртээ тэднийгээ биелэхийг хараад дуурайгаад л сурдаг байсан. Ийнхүү яг ахуйдаа бий биелж, энэ бүжиг амьдралынх нь нэг хэсэг болдог байсан юм. Тийм учраас бий биелгээ маань энэ олон зуун жилийн дараа ч бидэнд уламжлагдан өвлөгдөж ирсэн байна. Сүүлийн үед Ойрадын олон ястны бүжиг бий биелгээг язгуур шинжээр нь хадгалж үлдсэн авъяастнуудын тоо цөөрч, монголын олон ястны уламжлалт бүжиг, бий биелгээний өвөрмөц онцлог, ялгаа зааг бүдгэрч, бий биелгээний ая, татлагууд мартагдах болсон тул 2009 онд ЮНЕСКО-гоос Монголын уламжлалт урлаг-бий биелгээг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн дэлхийн жагсаалтад бүртгэн авсан.

No comments:

Post a Comment

БҮЖИГ сурахад тохиромжтой YOUTUBE сувгууд

Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болж...