Sunday, May 6, 2018

Сонгодог урлаг: Балет үүссэн түүх

Балет гэсэн нэр томъёо ballo, ballare–бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм. 
Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.

Сонгодог бүжиг бол дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.

Францын "Наран хаан" XIV Людовик 
1661 онд 14-р Людовик Францын Бүжгийн Академи /Acadйmie Royale de Danse/ байгуулсан нь хожмоо Парисын дуурь, бүжгийн театр болсон юм. Людовик хааны ордонд Италийн Франц гаралтай хөгжмийн зохиолч, бүжигчин Жан Батист Люллигийн бүтээсэн бүжгийн жүжгүүдийг толилуулдаг байв. Люлли жүжгийн зохиолч Мольертой хамтран ажиллаж Италийн театрын хэв маяг commedia dell"arte-г фрацын үзэгчдэд тааруулан шинэчилж commedie-ballet–ыг үндэслэсэн байна. Тэдний шилдэг бүтээл нь Le Bourgeois Gentilhomme /1670/ юм. Люлли эзэн хааны хөгжмийн академик театрын анхны найруулагч болсон юм. 
Францад балетын анхны сургууль бий болсон бөгөөд Жульетте Бланче багшилж байв. Балетын бараг бүх хөдөлгөөний нэр томъёог франц хэл дээр тайлбарласан байдаг. Тухайн үед бүх бүжигчид нь эрэгтэй хүмүүс байсан бөгөөд эмэгтэй хүний дүрд баг зүүсэн эр хүн бүжиглэдэг байжээ. Харин театрын мэргэжлийн түвшинд 1681 онд анхны эмэгтэй бүжигчид Мари Камарго, Мари Салле Le Triomphe de l’Amour (The Triumph of Love) бүжгэн жүжигт тогложээ. Мөн 17-р зууны үед Францын бүжиг дэглээч П.Бажан сонгодог бүжгийн үндсэн хөлний таван байрлалыг боловсруулсан ба түүний удирдаж байсан Хааны бүжгийн академи нь балетыг мэргэжлийн урлаг болгон хөгжүүлж,  тогтсон хэлбэр, дүрэм журмыг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Зураач Эдгар Дега (1834–1917)

18-р зуунд Францын балетмейстер Жан Жорж Новерр балетын урлагийг шинэчлэх үүргийг гүйцэтгэж, гүн утга санаа, тодорхой үйл явдлыг бүжгийн уран хөдөлгөөн, чөлөөтэй тоглолтоор илэрхийлсэн балет бүтээхийг эрмэлзэн балетыг бүтээх бүхий л зүйлүүдийн үүрэг зорилтыг нарийн тодорхойлсон онолыг боловсруулан “Бүжгийн тэмдэглэлүүд” Lettres sur la Danse et sur les Ballets (1760) гэдэг номондоо бичжээ. Новерр 1763 онд Германы Штуттгарт хотод өөрийн хамгийн алдартай “Медеа Жэйсон хоёр” балетаа найруулан тавьсан юм. Тухайн үед эмэгтэй бүжигчид хоёр дахь бүжигчний үүрэг гүйцэтгэж төвөгтэй төмөр цагираг, корсет, хиймэл үс, өндөр өсгийтэй гутал өмсдөг байжээ. Кристоф Глюк зэрэг зохиолчид балетын хөгжмийн зохиолд шинэчлэл хийж, эцэст нь балет surieux, demi-caractиre,comique гэсэн техникийн гурван хэлбэрт хуваагдав. Мөн дуурьт дивертисментийг голлон үзүүлэх болсон юм. Дивертисмент нь балетын дотоод үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэхийн хамт өөрөө бие даасан хөгжим, тохирсон хөдөлгөөн алхаатай эртнээс уламжлагдан ирсэн бүжгүүд юм. Ийм бүтээлүүдэд “Полонез”, “Австрийн вальс”, Оросын “па де катр”, “миньон”, “шакон”, Францын “менуэт”, Английн “контрданс”, “лансье” зэрэг олон арван бүжгүүд ордог юм.

No comments:

Post a Comment

БҮЖИГ сурахад тохиромжтой YOUTUBE сувгууд

Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болж...