allet Insider сэтгүүлийн ерөнхий редактор Алиса Асланова модерн бүжгийн онцлог болон хэрхэн энэхүү урсгал гарч ирсэн тухай ярьж байна
Орчин үеийн бүжиг одоогийн түвшинд хүрэхийн тулд маш урт замыг туулсан байдаг. Хамгийн анх модерн бүжиг нь балет урлагийн эсрэгцэл болон гарч ирсэн юм. Хэрэв балетад хатуу дэг журам, шатлан захирах ёс тогтсон байдаг бол модерн бүжиг хувийн онцлог шинж дээр суурилсан философитой байв.
Бүх зүйл хэрхэн эхэлсэн бэ?
Бүх зүйл XIX зууны сүүлчээр францын дуучин, багш, тайзны урлагийн онолч Франсуа Дельсартаас эхлэлтэй. Дельсарт хамгийн анх модерн бүжгийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдаг. Товчхондоо түүний үзсэнээр бол ямар нэг тогтсон журмаас үл хамаарах үйл хөдлөл хамгийн чухал байсан юм. Тэрбээр энэ системийг бүжигчдэд гэхээсээ илүүтэй жүжигчид болон дуучдад зориулж гаргасан ч энэ нь бүжгийн ертөнцөд суурьшсан билээ.
Яг энэ үед Дрезденд хэмнэлийн институт нээгдсэн юм. Тэнд швейцарийн хөгжмийн зохиолч Эмиль Жак-Далькроз багшилж байжээ. Тухайн үед түүний хамгийн авьяаслаг шавь нь германы бүжигчин Мэри Вигман байсан бөгөөд тэрээр хожим нь экспрессионист бүжгийн үндэслэгч хэмээн түүхэнд үлдэх болно. Хамгийн анх Вигман уламжлалт, "сайхан" хэмээн тооцогдож байсан бүжгийн хөдөлгөөнөөс татгалзсан юм. Тэгэхдээ Мэри Вигманд Далькрозоос гадна бүжигчин, багш Рудольф фон Лабан асар их нөлөө үзүүлсэн байдаг. Лабан 1928 онд лабанотаци буюу энгийн зургуудын тусламжтай хүний хөдөлгөөнийг бичиж авах аргачлалыг зохион бүтээжээ. Энэхүү системийг видео бичлэгээс суралцах боломж гарч ирэх хүртэл балетын урлагт олон жил ашиглаж байсан юм. Лабаны системээр бичсэн бүжиг ингэж харагддаг.
Айседора Дункан ( үнэн хэрэгтээ хэн нь шинийг сэдэгч вэ?)
Модерн бүжгийг ихэвчлэн америкийн бүжигчин Айседора Дункантай холбодог. Түүнийг чөлөөт бүжгийн үндэслэгч гэж үздэг. Гэвч Айседора Дунканы өмнө Лои Фуллер энэ бүгдийг хийж байсан юм. Фуллер бүжигт техникийн шинэчлэлт хийсэн гэж хэлж болно. Лои Фуллер өөрийн үзүүлбэрт хамгийн анх даавуу болон гэрлийг ашигласан. Лои Фуллер Парисын "Фоли Бержер" кабаред бүжиглэдэг байх үед түүний хамгийн алдартай үзүүлбэр нь "Серпантин" бүжиг байсан юм. Тэрээр энэ бүжгийг асар том хоёр цагаан даавуу болон гэрлийн эффект оруулан бүжиглэдэг байв. Саяхан Лои Фуллер болон залуухан Айседора Дункан хоёрын тухай өгүүлэх "The Dancer" кино гарсан байгаа. Мэдээж энэ киноны үйл явдалд зохиомол зүйл олон ч модерн бүжиг хэрхэн төрснийг харуулдаг.
Ингээд бид та бүгдийг төөрөгдүүлэхгүйн тулд дэлгэрэнгүй схем зурлаа. Эндээс орчин үеийн бүжигт хэн нь хэнд нөлөөлсөн болохыг харуулах болно.
No comments:
Post a Comment