Би гудамжны бүжгээс өөрийгөө олж нээсэн
Африк-Америкчуудаас гаралтай гудамжны бүжиг тэртээ 20 дугаар зууны эхэн үед алс холын Америкт үүсч, хөгжлийнхөө явцад илүү боловсронгуй болсоор өдгөө хэл ус, үндэстэн ястан, улс гүрэн хамаарахгүйгээр дэлхийн залуусыг холбох, ойлголцох “хэл” болжээ. Манайхан саяхныг хүртэл “Хэдэн залуус хийх юмгүйдээ л гудамжинд бүжиглэдэг” гэсэн эндүү бодолтой явсан бол үнэндээ хүмүүсийн энэ бодол хэдийнээ цаг үеэ өнгөрөөж, гудамжны бүжиг өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүжгийн нэгэн төрөл болсон. Тэгвэл үүнийг өөрийн хийж буй үйлдэл бүхнээрээ олонд мэдрүүлж, үеийн залуусаа гудамжны бүжигтэй танилцуулж яваа “AIM4R”продакшны үүсгэн байгуулагч, “AIM4R dance studio”-гийн захирал Т.Саруултөгс буюу Төөгөөг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцоллоо. Гудамжны бүжиг Төөгөөг хэрхэн өөрчилсөн бол...
ХҮҮГЭЭ БҮЖИГТ ДУРЛУУЛСАН ААВ
Майкл Жексоны ид мандан бадарч буй цаг үед Төөгөөгийн аав гэртээ алдарт попын загалмайлсан эцгийн клипүүдийг үзэж, түүнийг дуурайн бүжиглэдэг байжээ. Заримдаа аав нь бүжгэндээ хань татан ах дүү, найз нөхдөө цуглуулж, тэр дунд нь жаахан хүү тэднийг мөн л даган бүжиглэх гэж хэрэндээ л хичээдэг байжээ. Мөн хүүхэд байхдаа аавынхаа Жексоны дуун дээр хэрхэн эвсэлтэй гэгч нь бүжиглэж буй дүрс бичлэгийг хэдэнтээ тавьж үзсээр багаасаа дуу хууртай, бүжиг танцтай орчинд өссөн нь түүнийг энэ урлагт эргэлт буцалтгүйгээр дурлах шалтгаан болсон гэдэг.
“Би арван жилдээ маш бүрэг, ичимхий, доожоогүй хүү байсан”...
Нэгэн зууны түүхтэй гудамжны бүжиг манайд харин шинэ бүжгийн төрөл. Хэдхэн жилийн өмнөөс л залуус маань эрчимтэй хичээллэж, зарим нь амьдралынхаа нэгэн хэвшил болгоод явж буй. Энэхүү хөгжилд нь өөрийнхөө чамлахааргүй хувь нэмрийг оруулсан хийгээд нас бага ч зоригтойгоор гудамжны бүжгийн студиэ нээн, олон залуусыг энэхүү бүжигтэй танилцуулж яваа Төөгөө хүүхэд байхдаа ч ийм манлайлагч, санаачлагч байсан уу гэвэл үгүй. Үнэндээ тэрээр арван жилээ төгсөх хүртлээ хэтэрхий бүрэг ичимхий, дуу шуу цөөтэй, доожоогүй, байнга атаман хөвгүүдэд дээрэлхүүлдэг хүү байжээ. Өнөөдрийн Төөгөөг харсан хэн бүхэн хэзээ ч түүнийг ичимхий байсан гэж төсөөлөхгүй.
ГУДАМЖНЫ БҮЖИГ, ЭРХ ЧӨЛӨӨ ХОЁР АГААР НЭГ
Саяхныг хүртэл манайхан гудамжны бүжгийг сайн талаас нь хардаггүй, нэр муутай гудамжны хэдэн нөхдүүд л энэ чиглэлээр бүжиглэдэг гэсэн ойлголттой байсан тухай Төөгөө ярьсан юм. Аль ч улсын гудамж талбай улсын өмч байдаг учраас тэнд бүжиглэхэд хэн ч хориглож, тээршаах эрхгүй. Тиймээс хүмүүс гудамжинд ямар нэг зүйлд баригдахгүй, захирагдахгүй илүү эрх чөлөөтэй байдлаа мэдэрч чаддаг байна. Мэргэжлийн зарим бүжигчид гудамжны бүжгийг дутуу үнэлэх тохиолдол олон бий гэнэ. Гэхдээ гудамжны бүжиг өөрийн гэсэн элементүүдтэй, сэтгэл зүйн хувьд эндээс аз жаргал, эрх чөлөөг мэдэрнэ гэдэг хамгийн чухал.
No comments:
Post a Comment